Цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ ба хөлсөөр ажиллах гэрээ, даалгаварын гэрээний эрх зүйн зохицуулалт

Munkhbat Tsendjav
4 min readJan 14, 2020

--

2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээний эрх зүйн зохицуулалт бий болсон байдаг. ( Өмнө нь цагийн ажилтан ч хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт байсан ч тодорхойгүй байсан билээ. )

Гэвч практикт цагийн ажилтантай компаниуд хөлсөөр ажиллах гэрээ, эсхүл даалгаварын гэрээ байгуулах замаар хөдөлмөрийн гэрээнээс татгалзан дээрх гэрээг байгуулах явдал элбэг байна.

Цагийн ажилтны эрх зүйн зохицуулалт

Хөдөлмөрийн тухай хуулийн 23`3 дугаар зүйлд Цагийн ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23`3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.” гэж заасан байдаг.

Цагийн ажилтны гэрээ нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах бусад гэрээнээс ялгах нь

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Тиймээс аливаа гэрээг байгуулах хэлбэр, зохицуулагдах харилцаа, гэрээний зүйлээр нь ангилж, ялгадаг бол хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах бусад гэрээ буюу контракт, туршилтын ажилтны хөдөлмөрийн гэрээ, дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээ, хугацаагүй хөдөлмөрийн гэрээнээс цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь зохицуулагдах харилцаагаараа ялгагдахгүй юм.

Гагцхүү цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай тал нь Цагийн ажилтан нь туйлын тодорхой ажил үүрэг, биечлэн гүйцэтгүүлж буй харилцаанд хэрэглэхээр зааснаараа хөдөлмөрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээнээс ялгагдах юм. ( Нэг талаараа хөлсөөр ажиллах гэрээтэй адил зохицуулалт ) Хугацаагүй хөдөлмөрийн гэрээний хувьд байнгын ажлын байранд тодорхой ажил үүргийг ( үргэжилсэн болон давтагдсан шинжтэй ) гүйцэтгэхээр хуульчилсан байдаг. Зохицуулагдах харилцааны хувьд гэрээ байгуулагдах, өөрчлөгдөх, дуусгавар болох харилцаа нь адилхан юм.

Харин цалин хөлс олгож буй хэлбэрээрээ ялгаатай. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ болон хугацаатай ( туршилтын, дагалдан ажиллах ) гэрээний хувьд цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор зохицуулагдсан бол цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээний хувьд “цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.” гэж заасан байна.

Туршилтын болон дагалдан ажиллах гэрээнээс цагийн ажилтны гэрээ нь гэрээний зорилгоороо ялгагдана. Тухайлбал, туршилтын ажилтантай байгуулах хугацаатай хөдөлмөрийн гэрээний хувьд Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг бол дагалдан ажиллах хөдөлмөрийн гэрээ нь Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулдаг.

Цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээг бусад төрлийн гэрээнээс ялгах нь

Хөлсөөр ажиллах гэрээнээс ялгах нь

Цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээний зохицуулах харилцаа нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж буй буй Хөлсөөр ажиллах гэрээ нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн дагуу цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил олгогч нь хариуцлага хүлээх зохицуулалттай бол хөлсөөр ажиллах гэрээ болон даалгаварын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнүүд нь иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тохиролцдог.

Ер нь бол бусад улс орнуудад хөлсөөр ажиллах гэрээ гэдэг ойлголт байхгүй. Монгол улс 2002 онд иргэний хуулийг батлахдаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ гэсэн хуулийн төсөлд тусгагдсан атал хөлсөөр ажиллах гэрээ гэх ойлголт ( тухайн үедээ байнгын бус цагийн ажилтныг зохицуулж буй гэж УИХ-ын гишүүд маань бодсон байх )-ыг хуульчилсан юм.

Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг.

Хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддаг байна.

Даалгаварын гэрээнээс ялгах нь

Даалгавар — даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Даалгаврын гэрээний зүйл нь туслалцаа үзүүлж буй үйлдэл, үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл, даалгавар гэдэгт даалгавар өгөгчийн ашиг сонирхолын дагуу хийгдэж болох хууль зүйн бүхий л үйлдлийг ойлгож болно. Дээрх үйлдлийн гол онцлог нь даалгавар гүйцэтгэгч даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар хариу төлбөртэй болон төлбөргүйгээр хийдэгт оршино

Харин цагийн ажилтан бол ажлын байрны тодорхойлолтын дагуу тодорхой ажил үүрэг гүйцэтгэсний төлөө цалин хөлс авдаг. Даалгаварын гэрээ нь хариу төлбөргүй байж болдог бол хөдөлмөрийн гэрээ нь тодорхой ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авдаг.

Цагийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь тухайн ажилтан ажил олгогч тал бөгөөд тухайн байгууллагын дотоод журам, норм нормативыг биелүүлэх үүрэг хүлээдэг бол даалгаварын гэрээ нь тухайн даалгаварыг Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээд /орлон гүйцэтгэгч/-д шилжүүлж болдог. Үүгээрээ ялгаатай болно.

Эцэст нь

Практикт компаниуд борлуулалтын ажилтнуудаа даалгаварын гэрээ байгуулах замаар ажилд авч байгаа харагддаг, нөгөө талаар цагийн ажилтнуудаа даалгаварын гэрээгээр авч ажиллуулан нийгмийн даатгал төлөлтөөс зайлсхийх тохиолдол байдаг. Энэ нь бас хэд хэдэн хэргийг дээд шүүх шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Хөдөлмөрийн харилцааг даалгаварын гэрээ гэж үзсэнтэй холбоотой юм.

Гэхдээ Монгол улс бол шүүхийн президент хэрэглэдэггүй. Нөгөө талаар даалгаварын гэрээний харилцаа нь тодорхой даалгаварыг итгэмжлэн гүйцэтгэхтэй холбоотой байдаг тул компанид эрсдлийг бий болгодог гэдгийг компанийн хуульч нар ойлгодоггүйтэй холбоотой юм.

--

--

Munkhbat Tsendjav
Munkhbat Tsendjav

Written by Munkhbat Tsendjav

Бодлоо хуваалцагч, зохиогч ( шинжлэх ухаанч биш, судлаач биш )

Responses (1)